ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ШИНЭ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд БНСУ-ын Хансео Их Сургуулийн удирдлагуудтай албан ёсны уулзалт зохион байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам хийлээ.

Уулзалтад Хансео Их Сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон, Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Жин Ү, Аж үйлдвэрлэл–академик хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчид оролцсон байна.

Талууд уулзалтын үеэр Иргэний нисэхийн ерөнхий газар болон Хансео Их Сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, иргэний нисэхийн салбарт хүний нөөц бэлтгэх, сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Санамж бичгийн хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагад нийцсэн шалгалтын танхимыг хамтран байгуулахаар болсон байна. Мөн Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжих “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах” төслийн хүрээнд нийт 40 нислэгийн хөдөлгөөний удирдагч бэлтгэх хэрэгцээ үүсээд байгаа бөгөөд эдгээр мэргэжилтнүүдэд шаардлагатай суурь онолын мэдлэгийг Хансео Их Сургуульд эзэмшүүлэхээр тохиролцов.

Үүнээс гадна, магистрын түвшинд тэтгэлэгтэй суралцах боломж бүрдүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэхээр талууд санал нэгдлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.