НЭГҮҮН МЭДЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:”UPPER HOUSE RESIDENCE’’-Д ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВБАЛ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРАХГҮЙ !!!

Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах таны харж байгаа энэ барилга бол “Global residence нэртэй орон сууцны хотхон. Харин газрын зөвшөөрөл нь “Аялал жуулчлалын цогцолбор, сургалтын төв гэсэн зориулалтаар гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт орон сууц барих зөвшөөрөл олгодоггүй. Гэсэн ч аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний зориулалтаар зураг төслөө батлуулаад өдгөө 20 давхар 98 айлын орон сууц баригджээ. Та бидний бурхантай хөшөөний хажуууханд ч гэсэн мөн л ийм жишгээр барилга баригдсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах “Upper House residence” ч гэсэн мөн л аялал жуулчлалын зориулалтаар газраа аваад орон сууц болсон. Одоо ашиглалтад оруулаад өндөр зэрэглэлийн орон сууцаа иргэдэд худалдаалаад эхэлжээ. Хэдийгээр тус барилгуудыг улсын комисс хүлээж авсан ч оршин суугчид нь байрны ордер буюу Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй байгаа. Учир нь тус барилга орон сууцны зориулалттай бус “Аялал жуулчлалын цогцолбор” барих зөвшөөрөлтэй байгаатай холбоотой. Тиймээс газрын зөвшөөрлийг өөрчлөх хүртэл иргэд байрны гэрчилгээгээ авах боломжгүй. Барилгыг барьсан Бату констракшн нэг бол газрын зориулалтыг өөрчилж, орон сууц болгохгүй л бол тус байрны оршин суугчид хэзээ ч гэрчилгээгээ авч чадахгүй. Хамгийн ноцтой нь дээрх “хууль бус” хоёр орон сууцны барилгын ард МАН-ын нөлөө бүхий эрхэм, хүүтэйгээ хамт байгаа гэх мэдээлэл бий. Тэд эрх мэдэл, албан тушаал, танил талаа ашиглан ийнхүү орон сууц барьж түрийвчээ түнтийлгээд амжсан аж. Тэгвэл газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд хяналт шалгалт хийх эрх нь МХЕГ-т, АТГ-т хандах эрх нь БОАЖ-ийн сайдад бий. Төрийн албанд байгаа баримт бичгүүдээр бол Зайсанд аялал жуулчлалын зориулалттай цогцолборууд баригдах ёстой байсан ч өнөөдөр бол битүү орон сууц болсон билээ. Өөрөөр хэлбэл Зайсанд зөвхөн цаасан дээр л аялал жуулчлалын цогцолбор сүндэрлэсэн, харин бодит байдал дээр битүү LUXURY орон сууцнууд л харагдаж байгааг олон нийт харж байгаа. Тиймээс газрыг зориулaлтын бусаар ашиглаж байгаа энэ үйлдэлд МХЕГ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд анхаарч, хууль хяналтын байгууллагад хандах эсэхийг бид дараагийн цувралд хөндөх болно. Мөн дараагийн цувралуудаар бид энэхүү орон сууц, газрын маргааны улмаас Гадаадын болон дотоодын Хөрөнгө оруулагч иргэд хэрхэн хохирч байгаа талаар болон хэргийн эзэн Бату Констракшны ард МАН-ын нөлөө бүхий эрхэм, дэд сайдын албан тушаалтай хүүгийнхээ хамт байгаа талаар баримттайгаар хүргэсээр байх болно. А.Баярмаа

ЭХЭМҮТ-Д ТӨРСӨН ЭЭЖ ГЭРЭЭСЭЭ ШӨЛ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

Амаржсан, төрсөн ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг Монгол уламжлал бий. Энэ уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийнхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл болсон. Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог. Иймээс ЭХЭМҮТ шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүллээ. Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байна. Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн мөн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгнө гэв. Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авна.

ШҮҮХЭЭС ОРГОСОН СЭЖИГТЭН ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД УЧИР БИТҮҮЛГЭЭР НАС БАРЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас баржээ. Дээрх сумд оршин суудаг 36 настай У гэх залуу шүүхээр хэргийг нь хэлэлцэх гэж байх үед оргосон юм байна. Тиймээс шүүхээс түүнийг цагдан хорих захирамж гаргаж, дээрх хорих ангид хүргэн саатуулсан аж. Түүнийг хоригдож байх үед хэн нэгэн өрөөнд нь ороогүй, ухаан алдаж таталт өгч байгаа дүрс бичлэг нь хяналтын камерт үлдсэн гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангиас наймдугаар сарын 29-нд Б.Баянбаатар гэх 29 настай хүмүүжигч оргосон билээ. Түүнийг есдүгээр сарын 2-ны 09.30 цагийн үед Мандал сумын нутаг, Нурамт гэх газраас цагдаагийн ажилтнууд олж саатуулсан юм. Хулгайн хэрэгт ял шийтгүүлсэн тэрбээр замаасаа айлаас морь хулгайлж унасан нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Хорих ангиудаас хүмүүжигч нар оргосон асуудлыг ШШГЕГ-ын удирдлага хэлэлцэж байхтай зэрэгцээд цагдан хоригдсон хүн учир битүүлгээр нас барсныг тус газрын удирдлага анхааралдаа авсан биз ээ.

ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ГАЦААСАН ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДЫГ СААТУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, яамны мэргэжилтнүүд, Автозамын газрынхан гээд нэлээд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авч буй. Энэ хүрээнд өчигдөр З.Буяннэмэх гэх залууг албадан саатууллаа. Ажиллах хүч, техник тоног төхөөрөмжгүй, зам барих туршлагагүй БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулахад нөлөөлж, хээл хахууль зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт түүнийг сэжиглэн цагдан хорьсныг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Тэрбээр тухайн үеийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ойр дотно харилцдаг нэгэн учраас Тендерийн хороонд нөлөөлсөн байж болзошгүй гэж тус яамны нэрээ хэлэхийг хүсээгүй нэг бус хүн өгүүлсэн юм. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох “Чайна гео инженеринг корпорац” компанийг тендерийн шаардлага хангаагүй байхад З.Буяннэмэх Тендерийн хорооныхонд нөлөөлснөөр ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд дээрх эл аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэнэ. “Чайна гео инженеринг корпорац” ХХК нь Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байдаг. ЗТХЯ-наас уг аж ахуйн нэгжийн эсрэг зарга мэдүүлж, маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад З.Буяннэмэх тэргүүтний оролцоотойгоор Дарханы замын бүтээн байгуулалтад оролцох тендерт шалгарсан аж. Ингэхдээ ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд сонгон шалгаруулалтын баримт бичгийг өөрчлөн шүүх, арбитрын маргаантай оролцогчийг шалгаруулахгүй байх заалтыг нь хасаж байгаад “Чайна гео инженеринг корпорац” компанийг ялуулсан гэнэ. Уг компани нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг барихаар болсон ч ажлаа төдийлөн үр дүнтэй гүйцэтгээгүй, удаашралтай байгаа нь ийнхүү хууль сахиулах байгууллагынханд шалгуулах үндэслэл болсон юм.

ТАМХИ БА ХҮҮХЭД

Бид XXI зуунд, 2022 онд амьдарч байна. Бидний амьдарч буй нийгэмд маш олон асуудлууд шийдэгдэж чадахгүй мухарлагдаж байгаагийн учир юу вэ? Бидний цөөхөн Монголчуудад арга заль нь дэндсэн ПОП улс төрчдөөс илүүтэй эрдэмтэд, инженерүүд, физикч, архитектур нар үнэхээр үгүйлэгдэж байна. Өнөөдөр дэлхийд 1,3 тэрбум хүн тамхи хэрэглэж, хорт хавдраар өвчилж, мөн 8 сая орчим хүн тамхины хамааралтай өвчлөлөөр нас барж байна. Гэтэл үүнээс гарах арга зам алга гэдэгтэй эвлэрсээр байх уу? Машин, техник хэрэглээн дээр тулгуурлан асар богино хугацаанд шийдлүүд нь хувьсан өөрчлөгдөж байгаад хүн бүр итгэдэг ч тамхины хор уршиг, хорт зуршлаас салах арга зам нь цахилгаан тамхи гэдгийг Англи улсын Засгийн газар, эрүүл мэндийн яам нь нуулгүй зарлаж, тамхины хорт зуршлаас салах гэж байгаа хүмүүст цахилгаан тамхийг санал болгож, үр дүнд хүрч байгаад яагаад итгэхгүй байна вэ? Аан тийм, учир нь тамхины компаниудийн цахилгаан тамхины эсрэг ПР үүнд нөлөөлж байгаа юм. Тэгвэл Англи улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам үр дүнтэй тамхинаас гаргах аргыг хэрэглэхээсээ өмнө ямар нэг гар зургийн үзэсгэлэн гаргуулж хориглож, хааж, боож байгаагүй юм. Тэд судалж, шинжилж, баримт нотолгоог эрэлхийлж, хайж үүний үр дүнд цахилгаан тамхийг янжуур тамхины хорт зуршлаас салах гэж зорьж байгаа хүмүүст хэрэглэх нь зөв юм байна хэмээн үзэж байна. Гэтэл манай улс үүний эсрэг байр суурин дээр зогсож тамхины хор уршгийг тайлбарлаж ойлгуулах гэхээсээ илүүтэй тамхины хор уршгийн тухай сэдэвлэн гар зургийн уралдааныг насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд зохиож байгаа нь тэднийг ашиглаж байгаатай ижил. Үүний үр дүнд тамхи гэдэг нь томчуудын хэрэглээ юм байна, том болохоороо хэрэглэж үзнэ гэсэн нууцхан сэдлийг хүүхдүүдийн бодол санаанд хөндөөд орхиж байгаа нь харин ч эсрэгээрээ хор уршигтай. Олон улсад энэ арга бол туйлын буруу гэдгийг олон жилийн өмнө баталсан. Тэр тусмаа хүүхдүүдээр үүнийг хийлгэж байгаа нь ирээдүйд тамхины том компаниудын хэрэглэгчдийг бэлдэж өгч байгаатай агаар нэг гэж үздэгтэй холбоотой. Нийгэмд санаатайгаар гулгуулж байгаа олон буруу зөрүү мэдээллийн үр дүнд хэн хохирч болох вэ? Бид л хохирно шүү дээ. Тамхины бизнесийн эзэд бол хэзээ ч хохирохгүй, учир нь тэдний мөнгө их, хүч их. Тэд аймгийн засаг дарга, эрүүл мэндийн газрыг хүчээр хөдөлгөж өөрсдийн бизнесээ хүчээр хамгаалж үлдэхийн тулд юу ч бичүүлж, яриулахаас ухрахгүй. Эцэст нь хэлэхэд судалгаа нотолгоон дээр үндэслэж хийгдсэн мэдээлэлд итгэж, хөгжлөөрөө олон жилээр урд яваа Англи, Шинэ Зеланд, Франц зэрэг орнууд иргэдээ тамхины хорт зуршлаас татгалзахад санал болгож байгаа цахилгаан тамхины бодит жишээг олж уншиж өөрийн мэдлэгтээ нэмэрлээсэй гэж хүсч байна.

ИРГЭНИЙ БОЛОН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ЗЭРЭГ 74 БИЧИГ БАРИМТЫГ НОТАРИАТААР ГЭРЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

Цахим хөгжим, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу "И-Монголиа"-гаар дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт өнөөдөр /2022.09.21/ гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, нас барсны гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлаггүй болж байгаа юм. Тус үйлчилгээг нэвтрүүлснээр цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг иргэдийн өргөдөл гомдол нийтлэг төвлөрдөг нотариаттай холбоотой асуудлууд цэгцрэнэ хэмээн албаныхан онцолж байна.

ХҮҮХДИЙН НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНД БА ЭРТ ИЛРҮҮЛЭГ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд 1366 эмч, эмнэлгийн мэргэжилтэн “Хүүхдийн хараа шалгах арга” сургалтад хамрагдаж, сургуулийн өмнөх насны хүүхдийн хараа шалгах “Lea хүснэгт”-ийг 21 аймгийн эрүүл мэндийг дэмжих төв ба өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, Монгол Улсын 21 аймагт 4 ба 6 настай хүүхдийн хараа шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Хүүхдийн нүдний эмгэгийн анхан шатны тусламж үйлчилгээний нэн чухал асуудал нь 0-18 насны хүүхдэд нүдний эмгэгийн анхан шатны үзлэг хийж, нүдний эмгэгийг эрт, илрүүлэн, хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлэг рүү хугацаа алдалгүй илгээж, эмчлэх нь юм. Хүүхэд бүрийн нүдний харааг шалгаж, хараа муу, сул хараатай хүүхдийг эрт илрүүлэн, оношилж эмчлэх нь цаашид хүүхдийн сул хараа, сохролоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой. 2017 оны 09 сарын 05-ны өдөр Монгол Улсад анх удаа “Хүүхдийн нүдний хараа хамгаалах өдөр”-тэй болж, жил бүр уламжлал болгон тэмдэглэснээр, сохрол, сул хараанд хүргэдэг өвчнийг эрт илрүүлэх тогтолцооны суурь тавигдсан. ЭХЭМҮТ нь Орбис олон улсын байгууллагатай хамтарч “Монголын орчин үеийн нүд судлалын шилдэг загвар” төслийг амжилттай хэрэгжүүлж, улмаар “Хүүхдийн хараа хамгаалах”, “Дутуу нярайн ретинопати”, “Нүдний үзлэг”-ийг нярайн ба хүүхдийн эрүүл мэндийн үзлэгт нэгтгэх төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нийт сум, өрхийн эрүүл мэндийн төв, Улаанбаатар хотын 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн амаржих газрын хүүхэд, нярай, нүдний эмч нарт дутуу нярайн торлогийн эмгэг, хүүхдийн нүдний эрт илрүүлэг, нүдний угийн улаан рефлекс, хараа шалгахын ач холбогдлын талаар сургалт зохион байгууллаа. Түүнчлэн нүдний угийн улаан рефлекс шалгах “Аrclight ophthalmosciope and otoscope” багаж, хараа шалгах хүснэгтээр хангаснаар, хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлэх тогтолцоо үүсээд байна. Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор хагас сая гаруй хүүхэд сохорч байгаа нь анагаах ухааны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудлын нэг болсоор байна. Монгол Улсад хүүхдийн сохролын тархалт нь 0.19/1000 байгаа нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага боловч хүүхдийн катаракт өвчний улмаас үүссэн сохрол нь бусад Азийн хөгжиж буй орнуудын түвшинд (5-6/100,000) байна. Иймд “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т хүүхдийн хараа хамгаалах асуудал нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгагдсан.

ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ 25.9 ХУВИАР ӨСЖЭЭ

Орон сууцны үнэ наймдугаар сард өмнөх сараас 2.9 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Наймдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна. Шинэ орон сууцны үнийн жилийн өөрчлөлтийг харвал, 13.4 хувиар өсжээ. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.13 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.74 сая төгрөг байна. Хуучин орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 25.9 хувийн өсөлттэй байна.

БҮРЛЭЭЧ НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ БУЯНЫ КОМПАНИУДАД ӨГДӨГ ГЭХ 12 ЭМЧ, ЭНГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАДАГ 15 ИРГЭНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэртэй хамтран уг хэргийг өдүүлсэн байна. Хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд өгдөг байж. Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрт ар гэрээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Тэдэнтэй хамт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг 15 иргэнийг яллагдагчаар татсан аж. Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, төрийн ажлыг халаасаа зузаалах хэрэгсэл гэж харсан тохиолдол ганц энэ биш. Тус төвийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдашийг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа”-д ашиглуулах гэрээ байгуулж 80 000 ам.долларыг уг компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан авч, завшсан хэрэгт холбогдуулан шалгасан. Өөрөөр хэлбэл, 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин эд хөрөнгө завшсан гэж 2019 оны сүүлчээр мөрдөн шалгаж байсан. Уг хэрэгт нь дээр нэр дурдсан эмчилгээ эрхэлсэн орлогч С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг ч хамтатган шалгаад, ганц Ц.Пүрэвдашийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдашийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцон 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Ташрамд дурдахад, АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 19 мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол шалгаснаас 16-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалт явуулж наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний нэг нь дээрх албан тушаалтнуудын үйлдэл юм.

ОЛИМПЫН ГҮҮРНИЙ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫГ УГСАРЧ ДУУСЛАА

Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний замын металл хийцийг үндсэн гүүртэй угсарч дуусан, явган хүн зорчих боломжтой боллоо. Уг явган хүний гарцын засал, тохижилт хараахан дуусаагүй байгаа бөгөөд гэрэлтүүлэг суурилуулах, будаг, цэвэрлэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм. Одоогоор тэргэнцэр болоод бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих налуу замын ажил үргэлжилж байгаа тул тус хэсгийн хөдөлгөөнийг хараахан нээгээгүй байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрний бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилсэн. Түүнчлэн үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулсан билээ. Явган хүний гүүрэн гарцыг тохижуулж, налуу замын хөдөлгөөнийг нээснээр Олимпын гүүрний бүтээн байгуулалт бүрэн дуусах юм.

1 ... 134 135 136 137 138 139 140 141 142 ... 296