09 / 02
0 сэтгэгдэл
1 666 үзсэнe
“Чингис хаан” банкийг 2000-гаад оны эхэнд ОХУ-ын иргэн С.Громов гэгч байгуулсан бол түүнээс банкны хувьцааг “Нью стандарт финанс” ХХК-ийнхан худалдан авсан байдаг. Харин тус компанийн 46 хувийг “Могул ибиз” ХХК-ийн эзэн Д.Батаа, 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд, 23 хувийг “Степ гоулд” компанийн хувьцааны тодорхой хэсгийг авсан иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг. Хууль сахиулах байгууллагынхан тус банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан хэрэг нээн шалгаж байгаа. Учир нь “Чингис хаан банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, эрх бүхий албан тушаалтнууд хувьдаа болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгож, Монголбанкнаас баталсан зээл олгох дүрэм, журмыг зөрчиж их хэмжээний санхүүжилтийг өөрсдийн компаниудад өгсөн. Уг зээлээ буцаан төлөөгүйн улмаас хохирол учирсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлжээ. Тус банкны хувьцаа эзэмшигч Л.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар өөрсдийн болон хамаарал бүхий 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 93.6 тэрбум төгрөгийг зээл нэрээр өгч, хувьдаа ашигласныг Монголбанкнаас томилсон хянагч шалгаж тогтоожээ.Түүгээр зогсохгүй дээрх зээлийн 82 тэрбум нь барьцаа хөрөнгөгүй, барьцаалсан хөрөнгө нь шаардлага хангахгүй байжээ. Өөрөөр хэлбэл, 55.5 тэрбум шахам төгрөгийн зээл барьцаа хөрөнгөгүй байгаа бол барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй нь 26.6 тэрбумаар үнэлэгджээ. Тухайлбал, Д.Батаагийн хамаарал бүхий “Стандарт групп”, “Могулибиз” ХХК нь “Хан хиллс” гэх орон сууцын хотхон барьж иргэдэд борлуулсан бөгөөд зарагдаагүй үлдсэн орон сууц, оффисын барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг банкны активд бүртгүүлэх, өндөр үнийн дүнтэй зээлийн баталгаанд оруулж харилцагч нарын хадгаламжийг эрсдэлд оруулсан байж болзошгүйг хянан шалгагч тогтоожээ. Харин хувьцаа эзэмшигч Ш.Бүтэдийн тухайд төрсөн дүү, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн болон Ш.Жаргал, Ш.Батнасан нартай нийлж хамаарал бүхий “Нүүдэлчин групп” ХХК, бусад аж ахуйн нэгжийн нэрээр 37.9 тэрбумыг барьцаагүй авч, буцааж төлөөгүй гэж Монголбанкны шинжээч дүгнэжээ. Харин гурав дахь хувьцаа эзэмшигч Ц.Баярсайхан нь нөхөр Б.Батхүүгийн хамтаар эзэмшдэг “Инфохаб”, “Голден нагетс” ХХК зэрэг аж ахуйн нэгжийнхээ нэрээр 35.6 тэрбум гаруй төгрөг барьцаагүйгээр авч өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсныг хянан шалгагч тогтоожээ. ТУЗ-ийнхний авсан зээлүүд нь чанаргүй активд тооцогдож, эргэн төлөгдөх, эсэх нь эргэлзээтэй болсноор банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сангуудад хохирол учрахад хүрээд байна. Дашрамд мэдээлэхэд : Татан буулгаж ч болзошгүй байдалд хүрсэн Хөгжлийн банкнаас “Чингис хаан”-д мөнгө хадгалуулсан, ТОСК, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Тавантолгой төмөр зам” зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжийн олон тэрбум төгрөг дансанд нь орсон байдаг. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”-н 49.7, Хөгжлийн банкны 26.1 тэрбум төгрөгийг гурав, 13 хувийн хүүтэй байршуулсан. “Чингис хаан” банканд Засгийн газар, төсвийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд, сангууд, бусад байгууллагын гээд нийт 243.8 тэрбум төгрөг байх ёстой гэсэн урьдчилсан тооцоо бий. Нөхцөл байдал иймдээ хүрчихээд байхад Монголбанк өдий болтол яагаад “Чингис хаан” банкны үйл ажиллагааг хэвийн явуулаад байна вэ ? Уг нь Банкны тухай хуулийн 68.1-т “Монголбанк нь дараах үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно”, 68.1.1-т “Энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан”, 68.1.2-т “Банканд энэ хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гарсан” гэж дүгнэсэнд үндэслээд “Эрх хүлээн авах”, татан буулгах ёстой гэж Төвбанкны шалгалтын ажлын хэсгийнхэн үзэж. Гэвч Монголбанкнаас арилжааны “Чингис хаан” банкийг хуульд заасны дагуу татан буулгах шийдвэр гаргаагүй юм. Цаашид хэдий болтол “Чингис хаан” банк үйл ажиллагаа явуулсан нэртэй, шүүх хэчнээн нэхэмжлэгчийн гомдолд хэрэг нээх вэ