“Амт аялал” гэх газрын үйлдвэрлэж, худалдаанд нийлүүлдэг чанасан хонины толгой өмхийрч муудсан гэх иргэний гомдол манай редакцид ирлээ.

Тус газрын бүтээгдэхүүн Улаанбаатар хотын олон дэлгүүрээр худалдаалагддаг бөгөөд нэг ширхэг чанасан хонины толгойг 15 мянган төгрөгөөр, чанасан хэлийг 12 мянган төгрөгөөр борлуулдаг аж. 20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэх.

Гэвч 20 жил ажилласан гэх энэ газрын бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн орчин, эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж байгаа вэ?

Иргэний гомдолд дурдсанаар бүтээгдэхүүний савлагааг нээхэд өрөө дүүрэн өмхий үнэр тархаж, хүн хэрэглэхэд эргэлзээ төрүүлэхүйц байдалтай байсан аж. Бүр сав баглаа боодол дээрээ задалснаас хойш нэг цагийн дотор хэрэглэх ёстой гэсэн заавартай байдаг нь анхаарал татаж байна.

Ямар орчинд, ямар нөхцөлд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, савлагааг нь нээхэд өмхий үнэр ханхалдаг бүтээгдэхүүнийг иргэд өдөр тутамдаа хүнсэндээ хэрэглэж байх ёстой гэж үү?

Хамгийн гол нь ийм бүтээгдэхүүн олон дэлгүүрийн лангуунд хүрч, хэрэглэгчдийн гарт очиж байгаа бол хяналтын байгууллагууд хаана, юу хийж байна вэ?

Хүнсний аюулгүй байдал бол зүгээр нэг салбарын асуудал биш. Энэ бол иргэдийн эрүүл мэнд, амь нас, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал.

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон нийтэд нийлүүлж байгаа байгууллагад хэзээ хамгийн сүүлд хяналт шалгалт хийсэн бэ? Үйлдвэрлэлийн орчин, хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг бодитоор шалгасан уу?

Хяналт шалгалт нэр төдий, бичиг цаасан дээрх бүртгэл төдий үлддэг бол иргэдийн эрүүл мэндийг хэн хамгаалах вэ?

Хорь гаруй жил ажилласан гэх нэрийн ард чанар, аюулгүй байдлын хариуцлагаас бултах эрх хэнд ч байхгүй!