Иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн эмзэг сэдвүүдийн нэг нь хүүхдийн тэтгэмж, халамж, тэтгэврийн мөнгө. Гэтэл энэ мөнгөөр амьдралаа залгуулж буй иргэний дансанд банк, шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанаас болж халдсан гэх ноцтой асуудал гарчээ.
Тодруулбал, нэгэн иргэн хүүхдийн тэтгэмжийн мөнгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сар бүр төлж, Хаан банкаар дамжуулан 175 мянган төгрөг шилжүүлдэг байсан байна.
Гэвч тухайн иргэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “хүүхэд эцгээсээ татгалзсан” гэх үндэслэлээр тэтгэмж төлөх шаардлагагүй болсон талаар мэдэгдэж, гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл бий.
Ингээд иргэн тэтгэмж төлөх үүрэггүй болсон гэж ойлгосон байтал төлбөрийн үлдэгдэл нь ямар нэгэн тодорхой мэдэгдэлгүйгээр хуримтлагдсаар, эцэст нь ойролцоогоор 6 сая төгрөгийн өр төлбөр болсон гэх асуудал яригдаж байна.
Гэтэл үүнээс ч ноцтой нь дараагийн үйл явдал.
Тухайн иргэн Худалдаа хөгжлийн банкинд халамж, тэтгэврийн зориулалттай данстай байсан бөгөөд уг дансанд амьжиргааны зориулалттай орлого ордог байжээ.
Гэтэл Худалдаа хөгжлийн банк тухайн данснаас 5 сая 875 мянган төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн гэх гомдол гарч байна.
Энд нэг асуулт зайлшгүй тавигдана.
ИРГЭНИЙ АМЬЖИРГААНЫ МӨНГӨНД ХАЛДАХ ЭРХ БАНКАНД БАЙГАА ЮУ?
Хэрэг явдлын гол маргаан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжилж, зарлагын гүйлгээг хязгаарлаж болохгүй орлого, дансанд халдсан эсэх асуудал юм.
Хэрэв тухайн данс үнэхээр хуульд заасан хамгаалагдсан орлого буюу халамж, тэтгэврийн зориулалттай данс байсан бол түүнийг өр төлбөр барагдуулах нэрээр бүхэлд нь татан шилжүүлсэн эсэх нь хууль зүйн хувьд маш ноцтой асуудал болно.
Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь банк өөрөө ч ийм мөнгөнд халдах боломжгүй гэдгээ тайлбарласан гэх мэдээлэл юм.
Тэгвэл асуулт бүр ч тодорхой болж байна.
Хэрэв болохгүй гэдгийг мэдэж байсан юм бол 5 сая 875 мянган төгрөгийг яагаад шилжүүлсэн бэ?
Иргэнээс өр төлбөрөө барагдуулахыг шаардахдаа хууль журмыг чанд мөрддөг хэрнээ иргэний амьдралын наад захын хэрэгцээнд зориулагдсан мөнгийг буцаан татахдаа хууль, журмаа өөрөөр тайлбарлаж болох уу?
Халамж, тэтгэврийн мөнгө гэдэг бизнесийн эргэлтийн хөрөнгө биш. Энэ бол иргэний амьдралын үндсэн хэрэгцээг хангах мөнгө.
Тиймээс дээрх мөнгө үнэхээр хуульд заасан хамгаалагдсан орлого байсан эсэх, Худалдаа хөгжлийн банк ямар үндэслэлээр уг мөнгийг шилжүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар шаардлага хүргүүлсэн, мөн иргэнд яагаад урьдчилан тодорхой мэдэгдээгүй зэрэг асуудлыг холбогдох байгууллагууд нээлттэй тайлбарлах шаардлагатай байна.
Хэрэв дээрх үйлдэл хууль зөрчсөн нь тогтоогдвол “системийн алдаа” гэх ганц өгүүлбэрээр хаацайлах бус, иргэний амьжиргааны мөнгөнд хэн, ямар үндэслэлээр халдсан бэ гэдэгт хариуцлага тооцох ёстой.
Иргэдээс өр төлбөрөө нэхэхдээ хатуу байдаг төрийн байгууллага, санхүүгийн байгууллагууд өөрсдөө хуульд захирагдах ёстой.
Иргэний хэдэн сая төгрөгийг данснаас нь суутгах амархан. Харин тэр мөнгөөр амьдралаа залгуулдаг хүний амьдралд ямар цохилт болж байгааг хэн хариуцах вэ?
Энэ бол зөвхөн нэг иргэний асуудал биш. Халамж, тэтгэвэр зэрэг амьжиргааны зориулалттай орлого авдаг бусад иргэдийн эрх ашигт ч хамаарах асуудал юм.
Иймээс Худалдаа хөгжлийн банк болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх 5 сая 875 мянган төгрөгийг ямар хууль, ямар шийдвэрийн үндэслэлээр шилжүүлсэн талаарх тайлбарыг олон нийтэд өгөх шаардлагатай байна.
