Цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах асуудал нь зөвхөн камерын хяналтаар хязгаарлагдахгүй, эрсдэлийг цаг алдалгүй мэдээлэх, шуурхай тусламж авах боломжтой цогц тогтолцоо шаарддаг асуудал юм.
2026 онд Батлан хамгаалах салбар “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж, цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, эерэг харилцааг нэн тэргүүнд тавих зорилт дэвшүүлсэн.
Мөн “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” цогц реформын хүрээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудад эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт хийж, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа юм.
Энэ бодлогын зорилготой нийцэх технологийн нэг шийдэл нь Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохион бүтээсэн “Цэрэг нэг бүрийн тусламжийн товчлуур” юм.
