Монгол Улсын Гавьяат Тамирчин цол хүртэхээр болоод буй үндэсний шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) АНУ-ын NBA G League-ийн сурвалжлагч Жианна Хирнд өгсөн ярилцлагынхаа үеэр эх орон, хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэг болон аавынхаа захиасны талаар ийнхүү ярьжээ.

Сурвалжлагч Жианна Хирн:

— За Майк, бид яг одоо талбайн хажууд ярилцлага авахаар зогсож байна. Чи үзэгчдийн саналаар энэ ярилцлагад сонгогдлоо. Чамд маш өргөн хүрээний хөгжөөн дэмжигчид байна. Монголоос болон дэлхийн өнцөг булан бүрээс ийм их дэмжлэг авах ямар мэдрэмж төрж байна вэ?

Ш.Энхийн-Од:

— Үнэхээр сайхан, гайхалтай мэдрэмж төрж байна. Яг л бүхэл бүтэн улс үндэстэн минь миний ард зогсож байгаа юм шиг санагддаг. Тэд намайг бүр эхний өдрөөс л дэмжиж ирсэн. Үнэхээр сайхан байна.

Сурвалжлагч:

— Энэ бүхэн их дарамт ачаалал болдог уу? Чи АНУ-ын NCAA-ийн I дивизионы спортын тэтгэлэг авсан Монголын анхны иргэн шүү дээ. Эх орноо төлөөлөн тоглоход их дарамт мэдрэгддэг үү?

Ш.Энхийн-Од:

— Үгүй ээ, тийм ч их биш. Учир нь би үүнийг өөрийнхөө төлөө, дуртай учраас хийдэг. Тийм болохоор нэг их дарамт болдоггүй.

Сурвалжлагч:

— Танай аав чинь домогт "Harlem Globetrotters" багт тоглосон Азийн анхны тоглогч байсан. Чамайг "Elite Camp"-д оролцох гэж байхад аав чинь ямар нэгэн зөвлөгөө өгсөн үү?

Ш.Энхийн-Од:

— Аав минь "Зүгээр л өөрийнхөөрөө бай, тэнд байгаа цаг хугацаагаа сайхан өнгөрүүл, тэгээд зүгээр л хөгжилд" гэж хэлсэн.

Сурвалжлагч:

— Тийм шүү, за чамайг тоглолт руу чинь буцааж оруулъя. Залуус аа, эфирээ буцаан шилжүүлж байна.