Хан-Уул дүүргийн Засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийн саналын төслийг хэлэлцүүлэх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо.
Хэлэлцүүлгээр Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/82 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал”-ыг баримтлан, бага насны хүүхдийг болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх, сургуульд очих, буцах замын аюулгүй байдлыг хангах үүднээс авто замын огтлолцол, байршлыг харгалзан үзэх асуудлыг онцоллоо.
Мөн шинээр ашиглалтад орсон болон орох орон сууцны хорооллын суурьшлын бүс, хүн амын өсөлттэй уялдуулан хамран сургах тойргийн саналыг тодорхойлж, холбогдох шатны байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.





