ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БУЙ ХАБЭА-Н СТАНДАРТЫН ТӨСЛИЙН ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2026 онд шинэчлэн боловсруулж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын төслүүдийг хэлэлцүүлэх ээлжит хэлэлцүүлгийг уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн, холбогдох албан хаагчдын дунд зохион байгуулсан байна.

Тухайн хэлэлцүүлгийн үеэр шинэчлэн боловсруулсан стандартын төслүүдийн агуулга, зохицуулалт, практик хэрэглээ, ажлын байранд хэрэгжүүлэх боломж болон хэрэгжилтийн явцад анхаарах асуудлуудыг танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг авч ажилласан байна. Үйлдвэрлэл, уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын бодит туршлага, практикт тулгарч буй асуудал, санал зөвлөмжийг стандартын төсөлд тусгах нь зохицуулалтыг хэрэгжихүйц, оновчтой болгоход хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн ажлын байрны эрсдэлийг бууруулах, ажилтны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.