Р.БУЛГАМАА: ХОЙШЛУУЛШГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХҮНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАДАГ БАЙДАЛД ЦЭГ ТАВИХ ЦАГ БОЛСОН


Монголд гэрчээр дуудагдаад сэжигтэн болдог байдал газар авсан талаар НҮБ-ын Хүний эрхийн ажлын хэсэг 2022 онд дүгнэж байв. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд ч энэ талаар тусгажээ.

Мөрдөгчийн тогтоолыг Шүүхэд хүргүүлэхгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан сэжигтний тоо 2022 онд 355 буюу баривчлагдсан иргэдийн 33.1 хувийг эзэлсэн баримттай. Мөн 864 хүний хувийн хэргийг судалж үзэхэд 26.7 хувийг шүүгчийн захирамжаар, 61.2 хувийг прокурорын тогтоолоор, 11.8 хувийг хорих ангийн даргын шийдвэрээр сулласан байх жишээтэй. Баасан гарагт баривчилсан сэжигтнийг шүүхийн хяналтгүйгээр 48 цаг саатуулсан тохиолдол 65.3, 48 цагаас илүү хугацаагаар саатуулсан тохиолдол 9 хувь байгаа бөгөөд тэдний 91 хувийг прокурор, баривчлах байрны дарга сулласан. Хорих ангийн дарга шүүх, прокуророос ямар нэгэн албан бичиг ирээгүй тохиолдолд суллаж явуулдаг жишгээр гаргасан нь энэ. Энэ хугацаанд тухайн иргэнийг саатуулсан сэтгэл санаа болон эдийн засгийн хохирлыг барагдуулсан тохиолдол ганц ч байхгүй. Тэрбайтугай, саатуулсан атлаа гэмт хэрэгт холбоотой эсэх нь огт тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, дур зоргын байдлаар, магадгүй хэн нэгний захиалгаар цагдан хорьж, айлган сүрдүүлдэг байдал хэвийн үзэгдэл болсон талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд хэлж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “… Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно…” гэсэн заалттай. Харамсалтай нь энэ заалт хангагдахаа нэгэнт больсон талаар Хүний эрхийн хуульч Р.Булгамаатай ярилцаж, байр суурийг нь сонслоо.

-Өнгөрсөн жил 1075 иргэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилснаас 33.1 хувь буюу 355-ыг нь сэжигтний тогтоолыг шүүхэд хүргүүлэхгүйгээр 48 цагийн хугацаатайгаар баривчилсан байна. Баривчлах арга хэмжээний 73 орчим хувь нь шүүхийн хяналтад орохгүй байна гэж Хүний эрхийн Үндэсний Комисс дүгнэжээ. Таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг ямар тохиолдолд авахаар хуульчилсан байдаг вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд таслан сэргийлэх арга хэмжээг хууль зүйн ямар үндэслэл, журмын дагуу авах талаар тодорхой хуульчлан зохицуулсан байдаг. Хуульд зааснаар ямар ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах, мөн ямар субьектэд мөрдөгч, прокурор, шүүх ямар хэлбэрийн таслан сэргийлэх арга хэмжээ авах, мөн таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч болохгүй талаар хуульчлан зохицуулсан байгаа.

-Заалт бодит байдалд хэр нийцэж байна вэ?

– Хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээний 6 төрөл буюу хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, барьцаа авах, цагдан хорих, цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах зэрэг хэлбэрүүдийг хуульчилсан хэдий ч хамгийн өргөн хүрээтэй хэрэгжиж байгаа нь ЭХХШТХ-ийн 14.1-р зүйлийн 1.5-д заасан Цагдан хорих арга хэмжээ байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа бодит нөхцөл байдал нь гол төлөв сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр, хойшлуулшгүй гэх хүрээнд явагдаж байна. Ер нь ЭХХШТХ-ийн 1.26-д зааснаар “Хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгодог. Энэ үндэслэлээр эрхээ хязгаарлуулсан иргэдийн хувьд дээр дурьдсан үндэслэл тодорхой хувьд нь хамаарахгүй байгаад гол учир байгаа юм. НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд сэжигтнийг баривчлах ажиллагааны 98 хувь нь шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хийгдсэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг үр дүнгүй явагддаг, хорих ангиуд дахь хүний эрхийн нөхцөл байдал сайнгүй байгаа талаар онцолсон. Мөн Монгол Улсын Хүний эрхийн комиссоос цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ шүүхийн зөвшөөрөлгүй явж байгааг удаа дараа онцолсоор байна.

-48 цаг саатуулаад дахин 30 хоногоор баривчилдаг. Энэ үйл явц бас хуулийн дагуу өрнөж байгаа эсэх нь эргэлзээ дагуулдаг. Үүнийг хэрэг хүлээлгэх, айлган сүрдүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаж байж мэдэх талаар хуульчийн хувьд хэрхэн тайлбарлах вэ?

-Хууль зүйн хувьд Мөрдөгч сэжигтнийг Гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан, хойшлуулшгүй тохиолдолд, гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан, Тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах эрхтэй. Практикаас харахад цагдан хорих гэдгийг ямар нэгэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүнийг айлгах, дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь хамгийн ноцтой. 48-дчихаад дахин 30 хоног сунгах уу, үгүй юү гэх байдлаар дараагийн дарамт эхэлдэг. ЭХХШТХ-ийн 31.5-д зааснаар мөрдөгч сэжигтнийг хойшлуулшгүй үндэслэлээр баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ. Мөрдөгч шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа сэжигтнийг баривчилснаас хойш прокурорт даруй хүргүүлдэг. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 6 цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэдэг. Ийнхүү иргэнийг цагдан хорьж байгаад өөрөө ямарч нотлох баримт гаргаж өгөх, өөрийгөө өмгөөлөх цаг боломж олгохгүйгээр төрийн том том механизм ажиллаж эхлэх нь энэ. Эргээд харахад эрх зүйн мэдлэггүй, айж сандарсан иргэний толгойд өмгөөлөгч авах тухай санаанд нь ч буухгүй бөгөөд түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг өөрийнх нь эсрэг шүүхэд нотлох баримт болохын үр дагаврыг мэддэгүйн зэрэгцээ хүчин мөхөсдөхийн шийтгэлийг мэдэрч эхэлдэг. Энэ бүхэн тэгээд шударга ёсонд нийцэж байгаа үйл хэрэг мөн үү. Хүний эрхийн зөрчилгүй эрүүл харилцаа мөн үү гэх мэт олон асуулт урган гардаг даа.

-Шүүх тухайн иргэнийг саатуулах үндэслэл бий эсэхийг баримт нотолгоон дээр суурилж, эцэслэх эрх зүйн зохицуулалттай биз дээ?

-Хуульд зааснаар Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд хүргүүлнэ. Хэрэв сэжигтнийг хойшлуулшгүй үндэслэлээр баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ. Шүүхийн зүгээс прокурор саналаа тайлбарлаж байгаа учраас энэ хүнийг цагдан хорихоос өөр аргагүй гэдэг өнгөц байдлаар хандах болсон нь үнэн. Прокурор гэдэг хүн зарим тохиолдолд хүний эрхийн зөрчил байна уу, баттай нотлох баримт юу байна гэхээс илүүтэй яллахын төлөө болчихсон. Хүнийг цагаатгахын төлөө, гэмт хэрэг хийсэн эсэх асуудлыг тал талаас нь нягталж үзээч ээ гэдэг талд зогсдог хүн нь дан ганц өмгөөлөгч. Хуулийн байгууллагыг нэг гэр гэж авч үзвэл өмгөөлөгчийн эрх зүйн байдал хатавч хавьцаа л явна. Толгойд нь шүүгч, дэргэд нь прокурор, нөгөө талд нь мөрдөгч байгаа төрхтэй л байна. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэнийг яллах талд төрийн байгууллагуудын механизм тэр чигтээ ажиллаж байгаа дүр төрх л байна шүү дээ.

-Прокурор үргэлжлүүлэн хорих саналаа баримтад тулгуурлаж, ямар хугацаагаар цагдан хорих хуулийн зохицуулалттай вэ?

-Прокурор ЭХХШТХ-ийн 14-р зүйлд зааснаар Хувийн баталгаа гаргах, барьцаа авах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг өөрийн санаачилгаар эсвэл мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор шийдвэр гаргана. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэлх хугацаагаар сунгах хуулийн зохицуулалттай. Мэдээж цагдан хорих дээд хугацааг хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуульд ялын дээд хэмжээг 5 жил хүртэлх хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас дээш хугацаагаар цагдан хорьж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтот нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч болно гэсэн хуулийн зохицуулалтыг харгалзан нотлох баримтыг үл харгалзан шууд цагдан хорих асуудал мөн байсаар байна. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн саналыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоож цагдан хориод байх нь хэр оновчтой вэ. Тус хамаатуулсан зүйлчлэл нь шүүх дээр очоод хожим хэрэгсэхгүй болох, цагаадсан нөхцөлд цагдан хоригдсон хугацаа тухайн хүний хувьд хэлмэгдүүлэлт болоод үлдэх ч үр дагавар харагддаг.

-Энэ тохиолдолд шүүгч үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргавал гомдол гаргах, тогтоолыг хүчингүй болгуулах эрх зүйн зохицуулалт ямар байдаг юм бэ?

-Шүүхийн шийдвэрийг хүлээн авсан хэргийн оролцогч Ерөнхий шүүгчид гурав хоногийн дотор гомдол гаргах замаар хүчингүй болгох хууль зүйн гарц бий боловч ихэнхдээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нийтлэг дүр төрх бий.

-Прокурор үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих саналаа ихэвчлэн оргон зайлж болзошгүй гэх байдлаар гаргадаг байдал ажиглагддаг. Оргон зайлах үндэслэлийг хэрхэн тооцдог юм бэ?

-Яг үнэн. Прокурор үргэлжлүүлэн хорих саналаа ерөнхийлсөн байдлаар илэрхийлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1.1, 14.9.1.2, 14.9.1.3 дугаар зүйлийг гол төлөв баримталж саналаа оруулж ирдэг байдал нийтлэг. Мөн хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд илэрхийлэх нь элбэг. Гол нь ээдрээ төвөгтэй байдал арилаагүй гэдгээ нотлох баримтаар шүүх дээр бүрэн нотолж чаддаггүйд гол учир бий. Нөгөөтэйгүүр өмгөөлөгчдийн хувьд цагдан хорионы хуралд мэтгэлцэх зарчмын хэрэгжилт ихээхэн учир дутагдалтай байдаг. Хэргийн материалтай танилцах, прокурорын гаргаад буй саналын үндэслэл бүхий нотлох баримт нь ямар зүйл байгаа талаар танилцаж энэ талаар эсрэг нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх байдал бодит байдал дээр хязгаарлагдмал байдаг.

-Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэлийг ч нэлээдгүй барьдаг харагддаг?

-Нийтлэг харагдаж байгаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1.3 буюу гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх заалт. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг нь нэгдүгээрт бэлтгэж байгаа үйл баримтаар тогтоогдох ёстой. Эсвэл гэмт хэрэг үйлдэх гээд газар дээрээ баригдсан тохиолдолд үргэлжлүүлэн хорих заалттай. Гэтэл гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг таамаг, ерөнхий байдлаар саналаа оруулж ирдэг. Хүнийг яллахад хүндтэй шалтгаан хэрэгтэй гэдэгтэй адил хүний эрхийг хязгаарлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа хүртэл нотлох баримттай, хууль зүйн үндэслэлтэйгээр хандах нь чухал.

-Уян хатан байдлаар 7, 14 хоног гэх сонголт хуульд байхгүй. Энэ гажуудал уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10.1-т Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна гэсэн заалттай. Цаашид нэг сар буюу 30 хоногийг өөрчлөх шаардлагатай. 30 хүртэл хоног байж болно. Хэргийн нөхцөл байдлаас хамаараад 30 хүртэлх буюу зарим тохиолдол 7, 14 хоногийн хугацаатайгаар өөрчлөх боломжтой. Ийм уян хатан зохицуулалт хэрэгтэй. Хэтэрхий импратив буюу мөрдөн шалгах идэвхтэй ажиллагаа хийлгүйгээр 30 хоногоор эрхийг хатуу хязгаарласан нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. 30 хоногоор цагдан хорьсон атлаа нэг ч удаа мэдүүлэг аваагүй, мөрдөн шалгах дорвитой ажиллагаа хийгээгүй зэрэг зөрчил дутагдал байсаар байдаг.

-ХЭҮК-ын судалгаагаар “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” гэх үндэслэлийг дангаар хэрэглэж 135 хүнийг баривчилжээ. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад, 24-48 цагийн дараа “үндэслэл тогтоогдоогүй” гээд сулласан. Энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг болон сэжигтэнд оногдуулж болох ялын төрөл, хэмжээг үл харгалзан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч албан тушаалтны субъектив хандлагаас хамаарч харилцан адилгүй хэрэглэсэн гэж байгаа. Шүүгч үзэмжээрээ асуудалд хандаж байна гэсэн үг үү?

-Хойшлуулшгүй ажиллагаа буюу 48 цаг бол Монгол Улсад хэлбэрийн төдий эрүүдэн шүүх чиг хандлагатай, айлган сүрдүүлэх эрхийг хязгаарлах зорилготой үйл явц болсон нийтлэг дүрх төрхтэй байгаа.

48 цаг цагдан хоригдож, дараа нь 30 хоногоор үргэлжлүүлэн хоригдсон хүмүүс шүүхээр гэм буруугүй нь тогтоогдсон тохиолдолд тэр хүний 30 гаруй хоног цагдан хоригдсон, алдсан боломжийг эргүүлж олгосон зүйл алга. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад Шүүгч, Прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг  арилгах зохицуулалтыг хуульчилсан байдаг боловч гэм буруугүй нь тогтоогдсон этгээд  сэтгэл санааны болон Эд хөрөнгийн хохирлоо иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж зөрчигдсөн эрхээ сэргээлгэж байгаа  асуудал төдийлэн байхгүй. Иргэд нэр төр, алдар хүндээрээ хохирсоор байна. Бизнес эрхлэгч иргэдийн хувьд бизнесийн нэр хүндээ алддаг, цаг хугацаагаараа хохироод зогсохгүй хамтран ажилладаг түншүүдийнх нь итгэл ямар нэгэн хэлбэрээр суларч ан цав үүсэх нөхцөл бий болдог. Гэтэл энэ бүхнийг тооцдоггүй. Тооцож нөхөн  олговор олгодог, алдаагаа эргэж харах хууль эрх зүйн орчинг бий болгохгүй бол иймэрхүү дүр төрх үргэлжилсээр байх нийтлэг дүр төрх харагдаж байна. Төрийн албан хаагчийн хууль зөрчсөн, хүний эрхийг хязгаарласан үйлдлийн төлөө төр хариуцлага хүлээхээс илүү тус шийдвэрийг гаргаж иргэдийг цагдан хорьсон субьектүүдтэй хариуцлага тооцох бодлого барьвал хуулийн нэр барьсан, эрх мэдэл давуу байдлаа ашиглан бусдыг хэлмэгдүүлдэг байдалд тодорхой дэвшил гарна гэж хардаг.

ЭХХШТХ-ийн 45.2-т Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг харгалзан төр хариуцан арилгана хэмээн хуульчилсан байдаг. Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан гэм хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагу гаргана.

-Сэжигтэнг баривчлах тогтоолын үндэслэлийг тухай бүр шуурхай хянаж шийдвэрлэх байдал алдагдсан. Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага болон прокурорын байгууллага 24 цагийн горимоор ажилладаггүйгээс асуудалд хам хум ханддаг гэх шүүмжлэл бий?

-Хэн бусдыг цагдан хорьж, халдашгүй эрхээр нь даажигнаад байна гэхээр эрх бүхий албан хаагч буюу мөрдөгч, прокурор, шүүгч. Шүүхийн байгууллагад сүүлийн үед нэлээн шүүмжлэлтэй хандах болж. Шүүх хүнийг гэм буруутай эсэх, тухайн гэмт хэрэгт хамааралтай эсэхэд нотлох баримтад тал бүрээс нь үндэслэлтэйгээр нягт нямбай хандан дүгнэлт хийх ёстой. Гэтэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа, явагдсан л бол цагдан хорихгүй бол болохгүй гэдэг байдлаар өнгөц ханддаг.

Гүйцэтгэх ажиллагааны баримт гэж юу юм. Нэг хүний утсыг чагнаа л биз.

Тэр хүн үйлдэл дээрээ баригдаж, тогтоогдсон нотлох баримт байгаа бол өөр хэрэг. Гэтэл тагнуул, АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэхээр “Өө за” гээд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргачихдаг. Шүүх хараат бус байх ёстой. Хэн нэгэн улстөрч, ямар нэгэн байгууллагын шууд ба шууд бус нөлөөлөлд автах ёсгүй. Хойшлуулшгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон тохиолдлуудад дүн шинжилгээ хийж үзвэл АТГ болон ТЕГ-ийн мөрдөгчдийн санал овоо жин даах байх. ХЭҮК-ын судалгаанд хамрагдсан шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 864 сэжигтний 178 нь 24 цаг, 429 буюу 49.6 хувь 48 цаг хүртэл, 160 буюу 18.5 хувь нь 48 цагаас хэтэрсэн бол 97 буюу 11.2 хувьд баривчилсан хугацааг мөрдөгчийн тогтоолд тусгаагүй байсан зэрэг зөрчил дутагдал байсныг дурьдсан байгаад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.

-42 сар цагдан хоригдсон тохиолдлын талаар Хүний эрхийн үндэсний комиссын тайланд байсан. Гол нь шалгагдаж байсан хэрэг цагаадсан, түдгэлзсэн байх жишээтэй. Тэр бүү хэл, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон хүмүүсийн хэрэг өдгөө цагаадлаа?

-Хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаадсан, түдгэлзсэн тохиолдол олон. 2014, 2015 онд гарсан эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан зарим хүн ч хэрэг нь түдгэлзэж, цагаадсан байх жишээтэй. Гэтэл тэрхүү хавтаст хэргийн хамаарал бүхий субьектыг татаж авчраад тусад нь “Чи хамааралтай байсан юм биш үү” гэдэг байдлаар хандаж байгаа үйл баримт ч байна.

-Тодорхой жишээ дурьдвал?

-Миний нэг үйлчлүүлэгчийг тагнуулын байгууллагаас мөрдөгчийн саналаар хойшлуулшгүйгээр шууд цагдан хорьсон. Гэрчийн мэдүүлэг авахаар ажил тарахын алдад дуудаж авчраад хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол дээр гарын үсэг зуруулаад саатуулсан. Мэдүүлэг ч аваагүй байгаа юм. Дараа нь мэдүүлгээ авъя гэж хэлээд шууд цагдан хорьсон. Цагдан хорьсон 48 цаг дууссан өдрийн 14.00 цагийн үед яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, үдээс хойш нь шүүх хурал болоод 30 хоногоор үргэлжлүүлэн сунгах саналыг оруулж 30 хоног цагдан хорьсон байх жишээтэй. Арай дэндүү, хурдны галт тэрэг шиг туушиндаж хүний халдашгүй эрхэд ноцтойгоор халдсан. Үргэлжлүүлэн цагдан хорьсон шүүх хурал дээр прокурор хавтаст хэргээ авчраагүй байсан гэдэг. Цагдан хорих шүүх хурал болж байхад прокурор хавтаст хэргээ авчраагүй үйл баримт байсаар атал цагдан хорионы шүүгч үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байгаа юм. Энэ мэт хууль хэрэглээ, процессын алдаа байсаар байна. Цагдан хоригдсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр зөрчигдсөн эрхийг сэргээлгэхийн төлөө ажиллаж байна. Энэ бол нийтлэг дүр төрх.

-Шүүх гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад урьдчилан ял төлөвлөж, түүндээ үндэслэн эрхэд нь халдаж, цагдан хорьдог байдал нийтлэг гэсэн үг үү?

–Шүүхээр хэн нэгний гэм буруутай эсэхийг тогтоож, шийдээгүй байхад прокурор энэ зүйл ангиар зүйлчилнэ гэж таамаг маягаар яллаж, тэрхүү зүйл ангийнхаа хүрээнд хүний эрх зүйн байдлыг дүгнэж шууд цагдан хорьдог. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Цагдан хорино гэдэг хэрэг хүлээлгэх, эсвэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хамаарал бүхий субьект шүү гэж айлган сүрдүүлэх, эрүүдэн шүүх арга хэрэгсэл огт биш. Яг ийм байдал ЭХХШТХ-ийн 14.9-ийн 2 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийтлэг ажиглагддаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн гэх үндэслэлийг иш үндэс болгон цагдан хорих санал орж ирдэг байдлаас илэрхий харагддаг.

-Шүүх хурлын үеэр ээдрээ төвөгтэй байдал гэдгээ мөрдөгч, прокурор хэрхэн тайлбарладаг вэ?

-Хэргийн ээдрээ төвөгтэй байдал гэдгийг прокурор шүүх дээр тайлбарлаж чаддаггүй. Шүүх ч ямар нотлох баримт байна гэдгийг төдийлөн ач холбогдол өгөхгүй хомроглон цагдан хорих байдал ажиглагдах болсон нь эмгэнэлтэй. Нэг зүйлийг онцлоё. Бүгдээрээ ч дээр дурьдсан байдлаар ханддаггүй. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлаа нотолж чадаагүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэл саналаа нотлох баримтаар нотолж орж ирээгүй прокурорын саналыг буцааж байсан сайн жишээ олон шүү. Тухайлбал, Нэгүүн.мн сайтын захирал бүсгүйг улсын яллагч дээр дурьдсан үндэслэлээр цагдан хорих саналыг оруулж ирж байсан. Цагдан хорионы шүүгч тус саналд ул суурьтай хандаж, нотлох баримтыг шаардаж байсныг санаж байна.

Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч хүний эрхийг зөрчиж байгаа үйлдлүүддээ хуулийн байгууллага, эрх мэдэлтнүүд цэг тавихгүй бол олон нийт тэсрэх өдөр ирэхвий гэж болгоомжилдог.   

-Монгол Улс цагдан хорих, эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Олон улсын байгууллагад энэ чиглэлээр гомдол гаргах бүрэн эрхтэй гэж ойлгож болох уу?

-Цагдан хорьж, эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын гэрээ конвенцид Монгол Улс нэгдэн орсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь цагдан хоригдож байгаа иргэдийн тоон мэдээллээс тодорхой харагддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай 461 дүгээр хорих анги буюу дамжин өнгөрөх хорих анги ачааллаа дийлдэггүй. Эмэгтэйчүүд нь тогтмол 70-100 байдаг бол эрэгтэйчүүдийнх нь тоо нэлээн өндөр. Байр нь ачааллаа дийлэхгүй нэг өрөөнд хэт олуулаа байдаг. Агаарын дутмагшил ихтэй. Дотоод нөхцөл байдал маш хүнд. Агаарын дутагдлаас болж зарим хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тохиолдол ч бий.

Миний үйлчлүүлэгчид доторх нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлдэг. Хаалттай хорих ангид болж байгаа хүний эрхийн зөрчлийн асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт оны өмнө гомдол гаргаж, зөрчлүүдийг баримт нотолгоотой танилцуулсан. Үр дүнд нь тодорхой ажлууд хийгдсэн. Ний нуугүй хэлэхэд, албан хаагчид шан харамж авч утсаар яриулдаг, тамхи ширхэглэн зардаг, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй зэрэг олон зөрчил байсан. Тиймээс асуудлыг танилцуулж, үр дүнд нь 1 болон 4 дэх өдөр нарлагааны үеэр саатуулагдаж байгаа иргэд гадаа гарч, хүний эрх гэдэг талаасаа тамхиа сонгон татах боломжийг нээж өгсөн. Хүн гэдэг утгаараа наад захын хэрэгцээ шаардлагыг хангасан байх ёстой. Тус хорих ангийн дэлгүүрт оймс, дотуур хувцас ч байх ёстой. Яахаараа эмэгтэйчүүдийн худалдан авч хэрэглэж байгаа ариун цэврийн хэрэгсэл сонголтгүй, хамгаалалтын далавчгүй, өдөр шөнө гэсэн зориулалтаар байлгаж болохгүй гэж гэх мэт наад захын хэрэглээний зүйл дээр хүний эрхийн мэдрэмжтэй л хандмаар санагдах юм. Дамжин өнгөрөх хорих ангийн гудас, хөнжлөөс эхлээд өөрчлөх шинэчлэх зүйл их. Хүнийг жигшим нөхцөлд аваачиж, төрийн дарамтад оруулаад сэтгэл зүйгээр нь дарамталдаг байдал байж болохгүй. Тэр байдлыг тэвчихгүй гэмт хэргийг нь хүлээе гэж сэтгэл зүйн буулт хийх нөхцөлийг бүрдүүлдэг залхаан цээрлүүлсэн дарамт, диктатур бүхий орчин иргэнийг угтаж болохгүй шүү дээ. Юун нөгөө хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах.

Үндсэн хуулийн 10.1-д Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн заалттай. Гэтэл энэ зарчим цаасан дээр хараар бичиж, лоозогносон зохицуулалт болоод дуусч байна. Монгол Улс хүний эрхийг нэгдүгээрт  тавьж, хуулийг эрхэмлэх ёстой гэсэн зарчим шат шатандаа алга болсны тод жишээ. Хүний Эрхийн Комисс удаа дараа хүний эрхийн зөрчил байсаар байгааг онцолж байхад мөрөөр нь ямар арга хэмжээ авч байна вэ. Сүүлдээ бүр Хүний эрхийн илтгэл Олон улсад танилцуулагдтлаа дурьдагдаж байхад эрх баригчид, хууль тогтоогчид тоож байгаа ч юм алга. Ийм зарчимгүй, шийдэлгүй байж болохгүй ээ.

-Шүүхийн байгууллагад итгэх итгэл ч тэр хэрээр буурч байна?

-Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад цагдан хорьж, саатуулаад байвал хэн төрийн байгууллагад тэр дундаа шүүхэд итгэх вэ. Хуулийн байгууллагын тодорхой албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүс эрх ямба албан тушаалаа ашигладаг, тэрүүгээрээ бярддаг дүр төрх нийтлэг ажиглагдаж байна. Тиймээс олон нийт эгдүүцэж дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

-Шүүх байгууллага хонгилтой. Улстөрчид, эрх мэдэлтнүүд тэр хонгилоор хүссэнээ гулгуулдаг гэх шүүмжлэл нийгэмд бий. Тийм байх боломжтой гэж таны ярианаас ойлгогдож байна?

-Сүүлийн 4 жилд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд улстөрчид хэтэрхий их хошуу, хуруугаа дүрсэн нь олон жишээ баримтаар нотлогдож байгаа. Ер нь шүүх эрх мэдлийн байгууллага, тэр дундаа прокурор, хүний эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж байгаа цагдаагийн байгууллагад улстөрчдийн нөлөө, чих, хараа ойртох тусмаа шударга ёс алдагдана. Гэмт хэрэгт холбогдсон, шударга бус үйлдэл гаргасан эрх мэдэлтэн болон түүний тойрон хүрээлэл гудамжинд инээд алдаад үнэтэй машинаа унаад бидний хажуугаар давхиж байна. Гэтэл танил талгүй, хуулийн байгууллагад нөлөө бүхий албан тушаалтан зэрэг хамаатан садангүй хүмүүс өнөөх хонгилоор нь гулсаад, гулгуулаад алга болдог гэсэн хардалт иргэдийн дунд байсаар байна. Тэр дундаа шүүхэд сүүлийн жилүүдэд улстөрчдийн нөлөө их орсон. Энэ нь шүүхийн байгууллагын төсвөөс илт харагдана. Шүүх үйлчилгээний байгууллага. Тэр газар иргэд, олон нийт тайван, сэтгэл хангалуун үйлчилгээ авах боломж бололцоо хязгаарлагдмал байна.

-Төсвөөс нь гэнэ ээ..?

-Тагнуул, цагдаа, прокурорын байгууллагын үйл ажиллагаа явуулдаг байрыг шүүхтэй харьцуулаад хараарай. Тэнгэр, газар шиг ялгаатай. Монгол Улсын 12 шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.  Шүүхийн хаалгаар ороход үйлчилгээ авахаар очсон хүн айдас хүйдэс дарамтгүйгээр төрийн үйлчилгээг авах учиртай. Гэтэл суух сандал ч байхгүй. Суух битгий хэл зогсох газаргүй. Ариун цэврийн өрөөгүй. Үүднээс нь цагдаа угтдаг. Шүүхүүдийн коридорт шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, шүүгдэгчдийн ар гэрийнхэн өөд өөдөөсөө хараад эгнээд зогсч байдаг. Хурлын заал нь багтаамжгүй, сандал ширээ нь салж унахын наагуур дүр төрхтэй угтаж байгаа нь үнэн шүү дээ. Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэйн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бол шүүх байгууллагын эмгэнэлт өнгө төрхийн илрэл болсон орчин. Ороход л тав тухгүй. Тус шүүхээр өдөрт 300 гаруй иргэн үйлчлүүлдэг атал үүдэнд суух 3 банзан сандлаас өөр суух сандал ч байхгүй.  Нарийхан коридороор прокурор, өмгөөлөгчид нь шүүгдэгчидтэйгээ зэрэгцээд зогсчихно. Уур омогтой гомдолтой шүүгдэгч бол хажуудаа зогсож байгаа өмгөөлөгч болон прокурорын духыг барьж байгаа зүйлээрээ цоо цохиход бэлэн, ойрхон гэсэн үг. Тийм орчинд шүүн таслах ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр тэнд үйлчилгээ авч байгаа уур амьсгал ямар байх уу.

-Эдийн засгаар нь шүүгчдийг хяналтандаа байлгадаг гэсэн үг үү?

-Хоёр давхар байшинд гурван шүүх байрлаж байна. Гурван шүүхийн эрүүгийн шүүгч нар бөгс эргэх зайгүй жижиг өрөөнд суудаг. Тэр олон хавтаст хэргээ хаана хадгалдаг юм, бүү мэд. Цонхоор нь хавтаст хэргийг хэн нэгэн хулгайлаад явчихвал, халдлагад өртвөл яах вэ. Шүүгчдийн өрөөнд хавтаст хэргээ хадгалчих сейф ч багтахгүй.  Захиргааны ажилтнууд байдаг 2 давхарт хэд хэдэн шүүгч умайсан жижиг өрөөнд 2-роо сууж харагдах. Хэн ч өрөөнд нь дайраад орох боломжтой. Юун нөгөө шүүгчийн халдашгүй дархан байдал энэ тэр. Шүүхийн ачааллаас хамаараад 5-6 шүүгчийн орон тоо зарлагдсан харагдаж байна билээ. Шинээр ирэх шүүгчээ хаана суулгах гэж байгаа юм бүү мэд. Эрхбиш дээвэр дээр гаргахгүй л байх. Ийм орчинд шүүхээ, шүүгчээ байрлуулж байна. Ажлын байрны тав тухтай байдал хөдөлмөрийн бүтээмжид онцгой нөлөөлдөг. Ийм орчинд удаан ажиллах амаргүй. Захиргааны ажилтнууд нь нэг өрөөнд 10-15-уул сууж харагддаг. Агаар дутагдалтай, зай талбай багатай орчинд өмгөөлөгч нарт танилцуулах хэргийн материалаа иргэдийн хөдөлгөөнөөс холдуулах санаатай цонхны тавцан дээр байрлуулсан ч харагдах. Үнэхээр сэтгэл өвдмөөр дүр төрх угтдаг ш дээ. Ийм шавалдсан өрөөнд иргэн ороод ямар ойлголт, мэдээлэлтэй гарах вэ. Энэ бүх байдал нь энгийн иргэний Шүүхэд итгэх итгэлээ алдах эхний шалтгаан нөхцөл болдгийг ч үгүйсгэхгүй…

-Хэргийн материалтайгаа танилцах хэцүү байдаг гэх гомдол олон сонсч байсан юм байна?

-Умайсан өрөөнд олуулаа суудаг. Хэргийн материалтай тав тухтай орчинд танилцуулж, шаардлагатай нотлох баримтыг хувилуулан авах тухай ярихын аргагүй. Нөгөө хэргийн нууцлал, хувь хүний нууцлалын асуудал үнэндээ байхгүй. Ганцаарчилж уулзаад хэргийн материалтай танилцах боломж хэргийн оролцогчид битгий хэл өмгөөлөгчид байхгүй, хангагдаагүй. Тэгэхээр Шүүхийг төсөвгүй, ядруухан байлгах нь хэнд ашигтай вэ. Улс төрчид, хууль тогтоогчид эрхшээлдээ байлгах шалтгаан юу байна аа. ШЕЗ нь үеийн үед байраа томруулъя, нарийн бичиг, туслахын цалинг нэммээр байна гэсэн гуйлгын байдалтай.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага бие биедээ хараат бус байх ёстой. Эдийн засгийн санхүүгийн байдлаар хараат байлгах нь шүүх шударга шийдвэр гаргаж чадахгүй, зааварчилгаа, чиглэл цаагуураа яваад байна уу гэсэн хардлагыг бий болгодог. Хардахаас аргагүй. Өнөөгийн өнгө төрх хардалтыг дагуулж байна. Шүүхийн гаргасан шийдвэр шударга байгаа эсэх, хүний эрхийг дордуулж байна уу гэдэгт дүгнэлт хийж байгаа байгууллага алга. Төрийн шүүхэд шударгаар, ядарч унатлаа сэтгэлээсээ зарчимтай, хариуцлагатай ажиллаж байгаа олон албан хаагч бий. Харин тэнд ажиллаж байгаа зарим цөөн ажилтнууд хуулийн байгууллагынхаа гал тогоог муухай харагдуулах үйлдлийг өөрсдөө хийдэг. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдгийг зарим нь огт анхаардаггүй.

Олны анхаарал татсан зарим нэг хэрэг дээр шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан зарим жишээг онцлоё. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал дээр шүүгдэгч Эрүүгийн хэрэг дээрээ өмгөөлөгчгүй болсон тул өмгөөлөгч нэмж авъя гэхээр нэг өмгөөлөгч байхад хангалттай гэсэн байдлаар шүүх хурлаа үргэлжлүүлж харагдах юм. Мөн гэм буруугийн хурал дуусч 80 гаруй сая төгрөг төлөх шийдвэр гарахад шүүгдэгч төлбөрөө төлөх, хуульд заасан 5 хоногийн хугацаагаа авъя гэхэд дахиад л хариуцлагын хурал шууд явна гэж шүүхийн, төрийн алхыг ёнхийтэл цохиж байгаа дүр төрх…

Яаж байгаа нь энэ вэ.

Ингэж иргэний эрх зүйн байдлыг дордуулж туушиндаж болдог юм уу. Энэ мэт дүр төрх иргэдэд эрх мэдэлтнүүд, улстөрчид шүүхийн, шүүгчийн үйл ажиллагаанд нөлөөлөөд байна гэх хардалтыг үүсгээд байна. Мөн шүүх хуралдааны явцад шүүгчдийн утас дуугарах, гэнэт гарч явах, хэн нэгнээс зааварчилгаа хүлээж байна уу гэмээр утас руугаа хараа бэлчээдэг, ямар нэг байдлаар холбоо барих тохиолдол ажиглагддаг. Хурлын завсарлагаанаар хэн нэгэн зааварчилгаа өгсөн үү, утас нь дуугарлаа, мессеж ирлээ гэж яриад зогсох хэргийн оролцогчид олон. Энэ мэтчилэн үйлдлээрээ хүртэл ямар нэгэн нөлөөлөл байна уу гэсэн хардлагыг баталгаажуулаад байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил гарах нөхцөлийг бий болгож байгаа юм.

Мэдээллийн эх сурвалж : Нийгмийн толь 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.